Утас: 9918-3193

"Түвшинсаруул" Хүүхдийн эмнэлэг Хүүхдийн үзлэг, эмчилгээ, зөвлөгөө

Бидний тухай

Хүүхдийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Ё.Алтанцэцэг эмчийн “Зууны мэдээ сонин” сонинд нийтлэгдсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

interview

Ё.Алтанцэцэг: Хүүхэд 38 хүртэл халуурахад вирусын эсрэг дархлаа үүсдэг

Сар шинийн баяр өнгөрөв үү, үгүй юу хүмүүсийн зарим нь хаврын урь орлоо гэж баярлаж сууна. Гэтэл хүйтний эрч чангарсан хэвээрээ байгаа нь  томчууд төдийгүй хүүхдүүд дунд томуугийн өвчлөл даамжирахад нөлөөлж байна.

ХӨСҮТ-өөс өнгөрсөн долоо хоногт  хийсэн  судалгааны мэдээллээс үзэхэд  амьсгалын замын халдварт өвчлөл, тэр дундаа сүрьеэ болон  томуугийн өвчлөл ихсэх хандлагатай байгаа аж.  Мөн нийслэлийн “Яаралтай түргэн тусламжийн төв”  болон дүүргүүдийн хүлээн авах тасагт энэ төрлийн дуудлага олноор ирж байна гэдгийг албаны хүмүүс хэлж байна.  Тиймээс энэ удаагийнхаа дугаарын зочноор Хүүхдийн эмч, тэргүүлэх зэрэгтэй Ё.Алтанцэцэгийг урьсан юм.

-Хүйтэн сэрүүний улиралд манайхан  ханиад, томуугаар их өвддөг.  Тэр хэрээр улсын болон хувийн эмнэлгүүдийн ачаалал ч бас  нэмэгддэг. Гэтэл  хаврын урь орсон ч гэсэн өвчлөл буурахгүй байна.  Магадгүй энэ нь хүйтний эрч чангарч байгаатай холбоотой байх. Танай эмнэлгийн хувьд  энэ жил ачаалал хэр байна вэ. Ялангуяа, хүүхдийн тасагт чинь ямар оноштой хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна?

-Манай эмнэлгийн ачаалал  харьцангүй гайгүй байна. Ер нь бол бусад тасагтайгаа харь­цуулахад  дотрын тасаг маань  нэлээд ачаалалтай ажиллаж байна. Хүүхдийн тасгийн хувьд,  ихэвчлэн  амьсгалын замын халд­варт өвчнөөр өвдсөн, ха­ниад томуу нь хүндэрсэн, хордлогод орсон, гүйлгэж суулгасан  хүүхдүүд  хэв­тэн эмчлүүлдэг юм. Эд­гээрээс ханиад томуугаар  өвдсөн хүүхдүүд их ирдэг. Энэ өвчнөөр ихэнхдээ бага насны хүүхдүүд өв­чилж байна.Харин хүүхдийн нас бага байх тусам хүнд өвчлөх ба за­римдаа аминд ч аюултай байдаг. Хүүхдийг ханиа­даар өвчлүүлэхгүй байх найдвартай сэргийлэх нөх­цөл бага харин өв­чилсөн хүүхдийг хүнд­рүүлэхгүй байх арга их байна.

Энэ өвчлөл нь манай орны онцлогтой хол­боотойгоор хүйтэн сэ­рүүний улиралд ихэсдэг. Мөн тухайн вирусын онцлогтой холбоотой. Энэ өвчний вирус нь хүйтэнд их тэсвэртэй байдаг. Тэ­гэхээр агаарын тоосжилт, хүн амын бөөгнөрөл, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд цуглахаар ха­ниад томуугийн халдвар их тархдаг. Амьсгалын за­маар халддаг учраас агаар бохирдсон үед ямарч хүн өвчилж болно. Ханиад томуу нь  ганцхан виру­сээр үүсгэгддэггүй. Энэ өвчний үүсгэгч вирус нь маш олон төрөл байдаг. Эмнэлэгт үзүүлэхээр ирж буй хүүхдүүдийг харж байхад олонхи нь  өвчин нь хүндрэх, халуурах, хамар битүүрч нус гоожих, хоолонд дургүй болох, уур уцаартай уйлагнах, амьсгаадсан, хоолой нь өвдсөн үед л эмнэлэгт хандаж байна.

-Сүүлийн үед яагаад амьсгалын замын эмгэгүүд нэмэгдээд байна вэ. Агаарын бохирдолтой холбоотой юу?

-Мэдээж,  агаарын бохирдол нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Ганц агаарын бохирдол гэхээс илүү хүнс, хөрсний бо­хирдол, эмийн зохисгүй хэрэглээнээс болж байна. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу байна. Нийслэлд хүн амын төвлөрөл их, орон нутгаас шилжин ирэгсэд эмнэлгийн тусламж үйл­чилгээ авч чаддаггүй. Эх­чүүд жирэмсний хяналтад хожуу орж байна. Архи, тамхины хэрэглээ их байгаа нь хүүхэд  амьс­галын замын эмгэгтэй,  хүчилтөрөгчийн дутмаг­шилтай төрөхөд нөлөөлж байна.  Мөн нийслэлд хүн амын төвлөрөл хэт их байна. Дээрээс нь сүүлийн үед төрөлт ихэссэн. Энэ хэрээр  улсын эмнэлгийн хүүхдийн тасгууд  бүгд ачаалалтай ажиллаж байна.  Сургууль, цэцэр­лэгийн хүрэлцээ хангамж муу байна. Нэг ангид байх ёстой хүүхдийн тоо их байгаа зэрэг нь эргээд өвчин үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байна.

-Манайхан  хүүхдээ ханиад, томуу хүрэв үү, үгүй юу дур мэдэн ан­тибиотикоор “бөмбөгддөг”. Тэгээд “Энэ ханиаданд тийм эм зүгээр, ийм эм сайн” гэж нэг нэ­гэндээ зөвлөдөг. Ингэж хэн нэгний амаар,  сура­гаар эмчлэх нь хэр зөв юм бэ?

-Ханиад ганцхан вирусээр үүсгэгддэггүй гэдгийг түрүүнд хэлсэн.  Олон төрлийн вирусээр үүсгэгддэг учраас ханиад туссан хүүхэд бүр нэг төрлийн эмэнд эдгэхгүй.

Зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ ханиадыг хурдан дарахын тулд хүчтэй эм өгөх хэрэгтэй гэж бодоод эмийн сангаас дур мэдэн эм авч өгдөг. Өвлийн улиралд болон зун намар, өвөл хаврын заагт амьсгалын замын цочмог халдвар үүсгэдэг олон төрлийн вирус идэвхждэг. Манайхан түрүү долоо хоногт ханиад хүрэхээр нь эм аваад өгсөн чинь дахиад халуураад байна гэдэг. Тэр бүү хэл агаарын хэмээс шалтгаалаад 16 хэмд ямар вирус тэсвэртэй байх вэ, 20 хэмд ямар вирус идэвхждэг вэ гэдэг нь хүртэл өөр байдаг.  Тиймээс хэн нэгний хэлс­нээр хүүхдийг эмчлэх гэ­дэг нь буруу юм. Хүүхдээ заавал мэргэжлийн эмчид үзүүлж, зохих зөвлөгөө, зааврынх нь дагуу эмчлэх хэрэгтэй.

-Зарим эцэг, эхчүүд  “Энэ халуурдаг ханиад байна” гэж ярьдаг. Хүүхэд ханиад хүрээд халуурах нь муу юу?

-Хүүхэд жилд 3-5 удаа ханиад хүрэх магадлалтай байдаг. Халуурах нь олон төрлийн вирусын халдвар юм уу, ямар нэг үрэвслийн хамгийн эхний шинж тэм­дэг байдаг.  Хэрэв хүүхэд нь татдаггүй бол ямар нэг хууч өвчин байхгүй бол халуун 38.5 хэм хүрэхэд вирусын эсрэг дархлаа үүсдэг гэж үздэг. Харин 38.5 түүнээс дээш ха­лууныг буулга гэж заасан байдаг. Яаж буулгах вэ гэхээр дур мэдэн па­рацетамол, миксагриф бусад халуун бууруулах эм өгдөг. Халуун бууруулах эмийг замбараагүй хэрэг­лэснээс ханиад хүндрэх, хүүхдийн элэг нь гэмтэх зэрэг сөрөг үр дагавар гардаг. Ялангуяа, манай зах зээлд байгаа халуун буулгах эмүүд ихэвчлэн парцетамолд суурилсан найрлагатай байдаг.  Гэтэл манайхан үүнийг мэд­дэггүй. Парацетамолын хордлого гэж аюултай хорд­лого бий. Энэ хорд­логоос болж цусны систем, элгэнд өөрчлөлт гарсан тохиолдол байдаг. Тийм учраас халуун бууруулах эмийг хүүхдэд ойр ойрхон өгч болохгүй. Мөн парцетамолыг  хэ­рэглэхдээ болгоомжтой байх хэрэгтэй.

-Манайд томуугийн эсрэг вакцин байдаг. Түүнийг тариулсан ч ха­ниад хүрчихдэг. Энэ талаар?

-Манайхан ханиадны эсрэг вакцин хийлгэ­чихвэл огт ханиад хүрэхгүй гэсэн буруу ойлголттой байдаг. Тэр вакцин нь А хүрээний вакцин байлаа гэхэд зөвхөн А хүрээний вирусээр үүсгэгдсэн ханиаднаас л сэргийлнэ. Өвдлөө гэхэд хөнгөн тусдаг юм.

-Иргэдээс манай со­нинд янз бүрийн асуулт ирүүлдэг. Нэгэн ээж  “Хүүхэд нь өнгөрсөн жил бронхитоор өвчилсөн. Гэ­тэл энэ жил бага зэрэг ханиалгаад байна. Энэ бронхитын үлдэгдэл үү” гэсэн асуулт тавьж бай­сан. Энэ асуултад та ямар хариулт өгөх вэ?

-Бронхит буюу цагаан мөгөөрсөн хоолойн үрэв­сэл нь дотроо олон янз. Бронхит туссан гэхээр л эдгэхгүй өвчин юм шиг ойлгодог. Өнгөрсөн жил бронхит туссан хүүхэд одоо ханиалгаад байна гэдэг нь тэр нь эдгээгүй гэсэн үг биш. Ханиад шуухниа ихэнхдээ хөнгөн өнгөрдөг ч гэсэн хүүхдийн асаргаа сувилгаа хан­галгүй, эмчилгээ зөв хийгдээгүйгээс зарим хүүхэд амархан хүндэрч хүүхдийн аминд аюултай байдал үүсдэг.2 сараас 5 хүртэлх насны хүүхдэд доорх шинжүүд илэрвэл, нэгдүгээрт ууж чадахгүй болох, хоёрдугаарт таталт, гуравдугаарт нь тайван байхдаа хяхтнаж амьс­галах, хүүхэд сэрж ча­дахгүй унтах, цээж шуу­гиж амьсгал бачуурах, яраглаж амьсгалах, хамар сарталзах, цээж хоно­холзох, хүүхдийн суганы халуун 36.5 хэмээс багасах зэрэг шинжүүдийн 1-2 илэрвэл маш хүнд өвчний шинж тул яаралтай эмч эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.  Цээж өвдсөн, цэртэй ханиалгах, амьсгаадах, хяхтнах, шуугиантай амьсгалтай үед эмчид заавал хандаж үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

-Ханиад томуугаар өв­чилсөн үедээ иргэд ардын уламжлалт аргыг хэ­рэглэдэг. Энэ нь хэр үр дүнтэй вэ?

-Уламжлалт эмчилгээ үр дүнгээ өгдөг. Ялангуяа хүүхдэд витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С хэрэглүүлэх шаардлагатай, хөлний уланд тосон иллэг хийх, царвангийн  хандаар хоолойгоо зайлах, содтой усаар хоолой зайлах нь ач тустай байдаг. Иргэд ер нь хоол хүнсэндээ 2-3 хумс сармисыг хэрэглэж байх хэрэгтэй.

Ер нь бол хүүхдээ ханиад хүрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь чухал. Өвлийн улиралд биш. Зун, намар дарх­лаа­жуулж, зөв зохистой хооллож, амин дэм өгч байх хэрэгтэй. Ханиад хүрсэн тохиолдолд анти­биотик өгч болохгүй. Эмийг зөв зохистой хэрэг­лэх нь чухал. Антибиотик ханиадны үед хүндрэлээс сэргийлэхгүй, ханиадны үргэлжлэх хугацааг бо­гиносгохгүй. Өвчин хүнд хөнгөнийг үл харгалзан хүүхэд халуурч байгаа болон халуун буурсны дараа 2-3 хоног хэвтрийн дэглэм сахиулна. Хүүх­дийн амьдарч буй орчны дулаан, агааржилт өвчний явцад их нөлөөтэй учир хүүхдийг дааруулахгүй мөн хэт бэгнэж ха­луу­цуулахгүй байх. Ха­ниадтай хүүхдийг сайн хооллож, бага насны хүүхдийг хөхийг аль болох олон удаа хөхүүлэх. Хөхөх хооллохын өмнө хамрыг заавал цэвэрлэж амьс­галахад чөлөөтэй болгох, буцалсан сул давстай ус хамарт дусааж цэвэр­лээрэй. Хоолонд орсон хүүхдэд аль болох дуртай хоолыг нь хийж өгөх хэ­рэгтэй. Хүүхэд заримдаа бөгшүүлж ханиаснаас болж бөөлждөг тэгэхэд бөөлжсөний дараа дахин хооллуулах. Ханиадтай халуунтай хүүхэд амьсгал болон арьсаар шингэн их алдаж бие нь сулардаг учраас ердийнхөөс илүү их шингэн уулгах хэ­рэгтэй. Үүнд хөхний сүү, цэвэр ус, сүү, жимсний шүүс, цай, хярам орно.Хэрэв ханиад хүрсэн бол гадуур сэл­гүүцэхгүй,  даарахгүй байх хэрэгтэй. Даарснаас дархлаа суларч, амьс­галын замын халдварт өвч­­нөөр өвчилдөг. Тий­мээс эцэг эхчүүд хүүх­дүүдээ дулаан хув­цаслах шаардлагатай.  Мөн цэцэрлэгийн багш нар өвчтэй хүүхдийг авахгүй байх хэрэгтэй. Нэг хүүхэд өвчтэй байх юм бол бусдад нь халд­варладаг. Тиймээс эмчийн зөвлөмжийн дагуу, гэртээ эмчлэх шаардлагатай.

Тэгвэл та ярилц­лагынхаа төгсгөлд  ханиад­наас хэрхэн яаж урьдчилан сэргийлэх тухай зөвлөөч?

-Ханиад томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийн дархлааг сайжруулах нь чухал. Дархлаа сайжруулах эм манайд хэд хэдэн төрлөөр орж ирсэн. Ханиад то­муунаас сэргийлэх хамгийн энгийн арга бол  хоол хүнсэнд анхаарах.  Хүүхэддээ хийж өгч байгаа хоолонд  төрөл бүрийн амин дэм, уураг ихтэй хүнсний бүтээг­дэхүүнээр хийж өгөх нь чухал юм. Мөн вита­минлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийх, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах, улирлын байдалд тохи­руулан дулаан хувцаслах, хүйтэнд малгай ороолт, бээлий хэрэглэх хэрэгтэй.