top of page

Захиа ирлээ #1 "Хүүхдүүд минь модон хашлага дотор л хүн болсон"



Child.mn сайт уншигч та бүхэнтэйгээ эргэх холбоотой байх индэр болгон "Захиа ирлээ" буланг ажиллуулж эхэллээ. Өсвөр насны хүүхэд, аль хэдийн эцэг, эх болсон хүн гээд хэн ч бидэн рүү өөрийн туршлага, үзэл бодлоо бичиж, илгээх боломжтой. Эхний дугаараар бид ээжүүдэд зориулсан зөвлөгөө бүхий захиаг хүргэж байна.


Хорьж болдоггүй хорьхон насандаа ээж болсон би мэргэжлийн дадлага хийнэ гээд төрөөд удаагүй хорин нэгхэн хоногтой үрээ ээж, аав, эгчдээ үлдээгээд явчихдаг хэнэггүй ээж шүү. Сар ч хүрээгүй нялх үрээ орхиод өдөржин сонинд дадлага хийж байсан би одоо бодоход нэг тийм тэнэг зоригтой байжээ. Оюутан насандаа хүүхэд төрүүлнэ гэдэг том боломж гэж боддог байсан юм. Хичээл сургуулийг зохицуулаад л болдог. Тэнэг зоригтой намайг тэнгэр тэтгэсэн нь тэр үү, төрсөн эгч минь бас төрөөд удаагүй учир хүүг минь давхар хөхүүлчихдэг надад их тус болдог байсан. Миний хүү эрүүл чийрэг өсөж торнисон. Арван нэгэн сартайдаа хөлд орж, ой таван сартайдаа хэлд орсон хэлэмгий, сэргэлэн хүүхэд. Ой зургаан сартай скүүтер маш сайн унаж сурсан нь өөрийг нь маш сайн хөгжүүлсэн гэж боддог. Түүгээр ч барахгүй гурван нас хүрээд өөрөө хөхнөөс гарч, одоо есөн настай том ах болжээ. Үеийн найзуудаасаа хамаагүй том биетэйд нь ихэд баярладаг даа.


Миний туршлагаас зөвлөхөд ээжүүд минь, Хүүхдээ хөлд оруулагчид битгий суулгаарай. Өөрөө алхах мэдрэмж нь алга болоод бие нь түрүүлээд байдаг шүү. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүртэл хөлд оруулагчийг хэрэглэхийг хориглосон байдаг. Харин миний туршлага гэвэл ердөө манежин хашаа. Хүүхдүүд минь модон хашлаганд хүн болсон гэхэд хилсдэхгүй. Би завгүй үедээ ч завтай үедээ ч тэдэнтэйгээ хамт хашлаганд байсаар ирсэн. Яагаад гэж үү. Хоол хийх зуур, дэлгүүр гарах хооронд хонгорхон үр минь тэр хашаандаа аюулгүй унтаж тоглож болдог. Шөнө унтаж байхдаа хүүхдээ унагаачих вий дээ гэж айхгүй. Хараагүй байхад юм мөргөөд уначих вий дээ гэхгүй ихэд амар. Мэдээж доргионы гудастай учир унасан ч бэртэж гэмтэх аюул байхгүй. Мөн хамгийн том зүйл нь өөрөө хашаагаа түшиж босож, алхаж явсаар ой хүрээгүй байхдаа сурамгай гэгч нь алхаж сурсан юм.   


Мөн хүүгээ гурван настайд хөхнөөс гарсныг дурдсан билээ. Хүн бүр яаж дээ шүд нь цоорно шүү дээ гэлцдэг. Манай хүүхдүүдийн хувьд тийм асуудал байсангүй. Харин миний хувьд өөрөөр боддог. Зарим ээжүүдийн сүү нь тэжээллэг тослог байгаад цоорсон байж болох ч бүгд тийм бус. Би хүүхдээ ой гартал нь ундаа амттан, чипс огт амсуулалгүй эрүүлээр хооллож өсгөдөг. Амны хөндийг нь цэцэрлэгт ортол нь угаалгаж үзээгүй ээ. Үнэн байдлаа л хэллээ. Бусад шиг мундаг шүдийг нь угаалгаж чаддаггүй ч, элдэв химийн бодистой зүйлсийг нэг ой хүртэл нь хоривол шүд хорхойтохгүй гэдгийг биеэр мэдэрсэн. Хоёр хүүхдийнхээ шүдийг гурван нас хүртэл нь хорхойтуулаагүй авч үлдсэн. Харин одоо ихэр охидын ээж болчихсон ертөнцийг харах үзэл маань өөрчлөгдөөд л явна.


Хүн бүр адилхан мэргэжилтэй болох албагүй ч бүгд л эцэг эх болдог нь амьдралын жам биз ээ


0 comments

Comentários


bottom of page